Зөвлөгөө

Тийз захиалахдаа гаргадаг алдаа

Нийтэлсэн: 21/11/2017 Сэтгэгдэл байхгүй

Аялал, ажил хэргийн аль ч шугамаар та гадны орон руу зорчиход тийз захиалгын явцад мэдээллийн дутмаг байдлаас үүдэн асуудал, хүндрэл гардаг. Иймээс бид энэхүү зөвлөгөө нийтлэлээр та бүхэндээ тийз захиалахад гаргадаг түгээмэл алдаа мөн тийз захиалгын талаар мэдвэл зохих мэдээллийг өгөхийг зорилоо.

Бичиг баримтын мэдээлэл, тийзийн мэдээлэлтэй таарч байгаа эсэхийг нягталдаггүй

Нислэгийн тийз захиалахдаа явах болон буцах өдрийн мэдээллээ үнэн  зөв байхаас гадна тийз захиалагчийн нэр зөв бичигдсэн эсэхийг сайтар шалгах нь чухал юм. Энэ нь иргэний үнэмлэх дээрх нэр тийз захиалга дээрх нэрээс үсгийн хувьд зөрч болохгүй гэсэн үг. Жишээлбэл: Khanjargal – Hanjargal. Онцгой тохиолдолд дуудлагын /spealing/ хувьд зөв , нэг үсэг зөрсөн байхыг зөвшөөрдөг. Жишээ: Keith – Keit. Харин нэг үсгийн зөрүүтэй ч буруу дуудагдаж байвал таныг хилээр нэвтрүүлэх боломжгүй гэсэн үг. Жишээ: Jenny-Jonny

Мөн кредит картан дээрх нэр тань ижил байх шаардлагатай. Учир нь TSA Secure Flight дүрмээр зорчигчдын нэрсийн жагсаалт засгийн газрын нэрсийн жагсаалттай нийцүүлэхийг шаарддаг мөн кредит картын залиланаас сэргийлэхийн тулд картын нэр болон зорчигчийн нэр таарч байх шаардлагатай. Өөр нэг анхаарах хэрэгтэй зүйл бол гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэхээс өмнө багадаа 6 сарын хүчинтэй байх ёстой. Хэрвээ виз шаардлагатай газар руу явах гэж байгаа бол визны хугацаандаа ирэх хэрэгтэй.

Онлайнаар захиалахад гардаг алдаа

Онлайнаар захиалах үед нислэгийн компанийн системд бүртгэгдэхгүй байх тохиолдол гардаг. Тиймээс баталгаажуулах и-мэйл ирсэн эсэхийг шалгаад мэйлээр ирсэн  захиалгын кодыг агаарын хөлгийн бүртгэлд байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Мөн онлайнаар тийз захиалсан үед тулгардаг томоохон асуудал бол тийз буцаалт болон нислэгийн өдрөө солих явдал юм. Хэрвээ таны Бали-д болсон уулзалт нэг өдрөөр хойшилж нислэгийн өдрөө өөрчлөх хэрэг гарлаа гэж төсөөлбөл онлайн захиалгаар тийзээ захиалсан нөхцөлд тийзээ үхүүлэхээс өөр аргагүй болно гэсэн үг. Хэрвээ ийм эрсдэл гарч болзошгүй гэж үзвэл албан ёсны агентаар дамжуулан тийзээ захиалахыг илүүд үзээрэй.

Дамжин суултаа төлөвлөдөггүй

Онлайнаар захиалж байгаа үед хэд дамжиж зорьсон газраа хүрэх, дамжин суулт хоорондын хугацаагаа тооцоолж захиалах хэрэгтэй. Харин билет захиалгын ажилтнаар дамжуулж захиалж байгаа бол сайн ярилцаж, зөвлөгөө авч захиалаарай. Хаанаас хэдэн минутын зайтай ямар авиа компаний онгоцонд дамжин суух, gate хоорондын зай, gate-н дугаар зэргийг мэдэж байх нь дараагийн нислэгээс хоцрох эрсдлээс сэргийлэхээс гадна цагаа зөв төлөвлөхөд тань туслах болно.

Төлбөрийн асуудал

Авиа компанийн сонголт: Хүн бүр л хямд тийз захиалахыг эрмэлздэг. Гэхдээ хямд тийз захиалахдаа ямар авиа компаниар нисэх гэж буйгаа сайн судалж нисэх хэрэгтэй. Учир нь авиа компанийн зэрэглэлээс хамааран техник хэрэгслийн үзүүлэлт , тээшийг хэрхэн зөөвөрлөж, тээшээ хэрхэн авах, нислэгийн үеийн үйлчилгээ харилцан адилгүй байдаг.

Тийзийн хүчинтэй хугацаа: Тийз нь хамгийн уртдаа 1 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Харин ямар нэг хөнгөлөлттэй эсвэл тусгай тарифаар бичигдсэн тийзийн хүчинтэй хугацаа тухайн тарифын нөхцөлд заасан журмаар хязгаарлагдах тул та явах өдөр буюу нислэгээ солих тохиолдолд тийзийнхээ хүчинтэй байх нөхцөлийг шалгаж байна уу.

Тээш: Тээшний зөвшөөрөгдөх хэмжээг мэдэж байх нь тооцоолоогүй төлбөр гарахаас сэргийлэх болно. Үнэгүй тээвэрлэх тээшний зөвшөөрөгдөх хэмжээ нь МИАТ-н хувьд 55 см өндөртэй, 40 см урттай, 20 см өргөнтэй гар тээш байх шаардлагатай бөгөөд бизнес ангиллын ачаа нийт 10 кг хүртэл 2 ачаа, энгийн ангилалд 5 кг хүртэл 1 ачаа байдаг. Авиа компаниасаа шалтгаалан зөвшөөрөгдөх тээшний хэмжээ өөр өөр байдаг тул сонгон үйлчлүүлж буй авиа компанийнхаа тээшний мэдээллийг тийз захиалгынхаа ажилтнаас аваарай.

Суудлын зэрэглэл – Суудлын зэрэглэл бол мэдээж хамгийн энгийн тийзний үнийн зөрүүг бий болгож байдаг. Economy, Business, First зэрэглэлийн ангиллууд байх бөгөөд үнийн зөрүүнээс шалтгаалж үйлчилгээ, хоол, сандал, тав тухаараа ялгаатай байдаг. Харин зэрэглэл дотроо үйлчилгээ ижил атлаа үнийн хувьд зөрүү гардаг. Энэ зөрүү нь тийз захиалгын хугацаанаас хамаардаг бөгөөд хэрвээ та эрт захиалвал илүү хямд тийз авах боломжтой гэсэн үг юм.

ХОЛБООТОЙ: Аяллын тийзээ сонгохдоо юуг, ямар үзүүлэлтүүдийг анхаарах вэ?

Сэтгэгдэл үлдээх