мэдээлэл

Анхны нислэгийн тийзний түүх

Нийтэлсэн: 07/06/2019 Сэтгэгдэл байхгүй

Анхны нислэгийн тийз, авиа компани хэзээ анх бий болсон талаар та мэдэх үү?

Дэлхийн иргэний нисэхийн түүхэнд хамгийн анхны зорчигчдын тийз худалдан авсан зорчигч  тэр үеийнхээ ханшаар бараг л машины үнэ төлөөд ердөө л 23 минут ниссэн байдаг. Онгоцонд үйлчлэгч, хоол тэр ч байтугай тохитой суудал ч байсангүй. Гэхдээ л ниссэн зорчигч төдийгүй нисэлгүй үлдэж буй 3000 гаруй  хүмүүс ч  баяр хөөрөөр дүүрэн байжээ.

Одоогоос 104 жилийн өмнө буюу 1914 оны 1-р сарын 14 нд анхны иргэний нислэгийн шугам нээгдэж байсан нь нисэхийн хөгжилд  гарсан том хувьсгал байлаа. Ах дүү Wright-ын эхлэлийг нь тавьсан моторт нисэх онгоцны түүхэн “нислэг” ээс /1903 онд АНУ –ын Хойд Калифорни мужид 37 м хол ниссэн/ хойш арав гаруй жилийн дотор АНУ 100 орчим нисгэгчидтэй болсноос гадна усан  онгоцон дээрээс онгоцоор нисэх оролдлого хийгдэж, анхны шүхэрчид онгоцноос үсэрцгээж, түүгээр ч үл барам нисэх онгоцноос тэсрэх бөмбөг хаяж байлдааны зорилгоор ашиглаж эхэлсэн ч зорчигч тээврийн чиглэлээр нэг ч оролдлого хийгдээгүй байжээ.

Харин анхны онгоцоор зорчих тийз-ний эзэн нь АНУ-ын Флорида мужийн Санкт Петерсбург хотын дарга асан Абе Пфейл байсан бөгөөд тэрбээр сайн үйлсийн төлөө зориулагдсан дуудлага худалдаанаас 400 ам. доллар-аар тийзээ худалдан авсан юм.

Энэхүү зорчигч тээвэхлэх санааг Флоридагын  бизнесмен П. Эллиот, нисэх онгоцны эзэн Т. Бенуа нар анх Санкт Петербургээс тэнгисийн булангийн нөгөө талд 35 км цаана орших Тампа хот руу онгоцоор зорчигч тээвэрлэх бодол төрснөөр эхлүүлсэн байдаг. Хэдийгээр энэ газрууд хоорондоо холгүй оршидог боловч уурын усан онгоцоор 3 цаг гаруй, хуурай газраар бүтэн өдөр зарцуулдаг байсан газрыг гэнэт л 20 гаруй минутад туулах боломжтойг харуулсан нь, цаг бол алт гэдгийг хүмүүст ойлгуулах  мэргэн санаа байлаа.

Ингээд Онгоцны нисгэгчээр Т. Бенуаг, туршин нисгэгчээр 4 жил орчим ниссэн туршлагатай  олон төрлийн дээд амжилтын эзэн 24 настай Тони Яннусыг , механикчаар түүний дүү Рожерыг сонгосон байна.
Ингэж “ St.Petersburg-Tampa Airboat Line” хэмээх анхны авиа компани үүссэн гэж үзэхэд  болохгүй зүйлгүй гэж агаарын тээврийн түүхч Вилл Мекаелс тэмдэглэсэн байдаг.

Энэхүү онгоцыг нисдэг завь гэж хэлж болох юм. Учир нь энэхүү онгоц нь тэнгисийн усан дээгүүр ердөө л 15 метрийн өндөрт нисэж байжээ. Энэ нислэгийн шугам нь  7 хоногтоо 6 өдөр, өдөрт 2 удаа нислэг үйлдэж нэг талын үнэ 5 ам. доллар байсан нь тэр үеийн гал тэрэгний үнэ ханшаас 5 дахин үнэтэй байжээ.

Хэдийгээр энэ үйлчилгээ 4 сар гаруй үргэлжилж 1205 зорчигч тээвэрлээд зогссон боловч анхны нислэгийг санаачлагчдын нэг Перси Фенслерын цугласан  олонд хандаж

“ Тампа руу хийж буй энэ агаарын завины маань нислэг ирээдүйд хийгдэх олон нислэгүүдийн зөвхөн эхлэл юм”

хэмээн хэлсэн нь удалгүй агаарын шуудан-зорчигч тээврийн үйл ажиллагаа нээгдэж, Чарльз Линдберг атлантын далайг даван нисэж түүнээс 10 жилийн дараа тив хоорондын зорчигч тээврийн анхны чиглэл буй болж, дэлхийн 2-р дайны дараанаас агаарын тээврийн аялал нь ердийн зүйл болж хөгжсөн юм.

Үүнээс хойш өнгөрсөн зууны сүүлийн 20 жилд агаарын тээвэр 2 дахин өсч харин өнөөдөр зөвхөн монгол улсын дээгүүр өдөртөө 270 гаруй онгоц нисэн өнгөрч байна.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Тийз захиалахдаа гаргадаг алдаа

Орчин үед хүртэл агаарын тээвэр нь газрын тээврийг бодвол тээвэрт ямар нэгэн эвдрэл гэмтэл гарах нь бага, цаг хугацаа маш бага зарцуулдаг гэдгээрээ дэлхийн улс гүрэн, томоохон үйлдвэрлэгчид, үнэтэй эд материал, бараа таваар, ачаа тээврээ тээвэрлэх хамгийн хурдан, найдвартай тээврийн хэрэгсэл хэвээр байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх